-2016 онд Увс аймагт МАН олонх болж, засгийн эрх барьж байна. Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд олонхын бүлэг ямар ажил хийв. Орон нутгийн болон улсын төсвөөр хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын зарим ажил чанарын шаардлага хангахгүй байгаа тухай мэдээлэл байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Манай нам 2016 оны сонгуулийн үр дүнгээр ялалт байгуулж, орон нутгийг удирдаж байгаа ч ард иргэдийн хүлээлэлтэд хүрч ажиллаж чадсангүй. Бид томоохон зорилт тавьж, орж ирсэн ч үүнийгээ хийгээгүй. МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө бүх аймагт үйлдвэр барихаар тусгасан ч хэрэгжүүлээгүй. Увс аймагт өнөөдөр ажилгүйдэл жилээс жилд нэмэгдэж байна. Аймгийн удирдлагууд халамжийн бодлогод дулдуйдаж, иргэдийг бэлэнчлэх сэтгэлтгээтэй болгож эхэлсэн. Аймгийн хэмжээнд ажил хөдөлмөр эрхлэх насны 18-50 насныхныг ямар нэг байдлаар халамжийн хөтөлбөрт хамруулж байгаа нь сонгуулийн санал авахын төлөө хийж буй зохион байгуулалттай ажил болжээ. Энэ нь ирэх сонгуулиар иргэдийг хэтэвчээр нь барьцаалж эрх мэдэлд хүрэх гэсэн явуургүй бодлого. Үүнтэй холбоотойгоор 2017 оноос миний бие “увсын хөгжлийн төлөө хамтдаа” иргэдээ сонсох аяныг зохион байгуулж ирсэн. энэ арга хэмжээний үеэр иргэд болж, болохгүй зүйлээ аймгийнхаа төв талбайд ярьдаг байя, түүнийг нь орон нутгийн удирдлагууд сонсож, ажил хэрэг болгодог байгаасай гэж зорьсон. Манай аймаг сүүлийн гурван жилд улсын төсвөөс хамгийн их хөрөнгө оруулалт авсан. Нийт дүнгээр нь авч үзвэл, өнгөрсөн гурван жилд 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн байна. Аймагт ийм ажил хийж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ бүтээн байгуулалтын ажлыг манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, аймгийн засаг дарга, ИТХ-ын дарга, төлөөлөгч нарын хамаарал бүхий компани тендерт шалгарч байна. Нэгэнт тендерт шалгарчихаад бүтээн байгуулалтын ажлаа стандартын шаардлагад нийцүүлж хийхгүй байгаа алдаа дутагдал гарсан.

-Тухайлбал?

-хамгийн сүүлийн жишээ хэлэхэд, төсөл тендрийг зарлахдаа оройтуулдаг. Оройтуулж зарласан тендер ажлаа хийхэд төвөгтэй. тухайлбал, өнгөрсөн есдүгээр сард зарласан дулаан дамжуулах есөн тэрбум төгрөгийн төсөвтэй, тендерийн гүйцэтгэгч аравдугаар сард шалгарч ажил нь эхэлсэн. Манай аймгийн дөрвөн багт дулаан дамжуулах төв болон дэд бүтцэд холбох том төсөл. Энэ төсөл гэхэд өнгөрсөн аравдугаар сард цаг агаар хүйтэрсэн үед ажил нь эхлээд дууслаа. Би өмнө нь увс аймгийн МХЕГ-ын даргаар ажиллаж байсан хүний хувьд уг ажлыг стандартын шаардлага хангаагүй, хангалтгүй гэж үзэж байгаа. Есөн тэрбум гэдэг их мөнгө. Татвар төлөгчдийн мөнгийг чанаргүй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд хэрхэвч зарцуулж болохгүй гэдэг хатуу байр суурьтай хүн. газар доор хийж буй инженерийн шугам сүлжээг дор хаяж 50 жилийн насжилттай хиймээр байна. Тав, арван жилийн дараа засах шаардлагатай гээд дахиад газар ухаад эхэлбэл татвар төлөгчдийн мөнгө салхинд хийснэ. Энэ нь эргээд ард иргэдийн нуруун дээр ачаалал үүснэ. Тийм учраас энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж байна.

-Та яриандаа халамжид дулдуйдсан бодлого явуулж байгаа тухай хэллээ. Танай намын хэрэгжүүлж байгаа бодлого байна шүү дээ. Та аймгийн МАН-ын аппаратад удирдах алба хашиж байсан хүн юм билээ. Одоо аймгийн ИТХ-ын төлөөлөгч. Энэ асуудлыг багаараа хийчихээд ингэж ярьж байгаа нь хэр зохимжтой юм бэ?

-2012-2016 онд манай нам улсын хэмжээнд сөрөг хүчин болсон. Энэ хүнд цаг үед миний бие увс аймгийн ман-ын дэд дарга, ман-ын бага хурлын гишүүнээр ажиллаж, одоогийн ялалтад өөрийн хувь нэмрээ оруулсан хүн. Манай нам 2012-2016 онд хамтарсан засгийн газар байгуулахад би увс аймгийн МХЕГ-ын даргаар томилогдсон. Улмаар 2016 оны сонгуулийн дүнгээр манай нам ялалт байгуулсны маргаашнаас эхлээд бид бүхний хамтдаа зүтгэж байсан эрхэм түшээд, аймаг орон нутгийн удирдлагаас томилогдож эхэлсэн хүмүүс мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг ажиллаж эхэлсэн. Хамгийн өндөр дүнтэй хөрөнгө оруулалт аваад ямар байдлаар зарцуулсныг увс аймгийн иргэдийн амьдрал ахуйгаас харж болохоор байна. Өнөөдөр төрийн албанд УИХ- ын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагуудын хамаарал бүхий хүн ажилд ордог боллоо. Төрийн албыг төрлийн алба болгож хэрхэвч болохгүй. Ажлаас халагдаж байгаа хүний цаана амьдрал бий. Энэ сарын эхээр аймгийн ИТХ-ын X хуралдаан болж өнгөрлөө. Ард иргэдийн амьдрал сайхан байна гэж аймгийн удирдлагууд хэлж байсан. Яг бодит амьдралтай танилцаж үзвэл эсрэгээрээ байгаа. Хэний амьдрал сайжирсан бэ гэхээр, нам дагаж, намын нэрээр ард иргэдийн саналыг авсан орон нутгийн удирдлагууд, хамаатан садных нь амьдрал дээшилсэн. Үүнийг манай нам сөрөг хүчин байхад аймгийн намын хорооны дэд даргаар ажиллаж байсан хүний хувьд би сайн мэднэ. Тэр хүмүүс ямар эд хөрөнгөтэй байсан, одоо хэрхэн баяжсаныг харж байна. Тиймээс ард иргэд рүү хандсан ажил хийх ёстой. Иргэдэд хоолны талон өгөхдөө мөн л намаар талцан хуваагдаж байх жишээтэй. Ийм байж болохгүй биз дээ. амь аргацаасан хэлбэрээр орон нутгийн өөрөө удирдах байгууллагыг авч явж байгаа нь увс аймгийн иргэдийн амьдралд сайн нөлөө үзүүлэхгүй байна.

“2012-2016 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Манай аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Цэндсүрэн энэ талаар хөндсөн. Үүнтэй холбоотойгоор би асуудлыг судалж, ямар компаниуд тендерт шалгарсан талаар нэр бүрчлэн үзлээ. Гарцаагүй үнэн байна. Увс аймагт барилгын 60 гаруй компани бий. Энэ жилийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байгаа компаниудын 60 орчим хувь нь Улаанбаатар хотынх байна.”

-Та намын удирдлагууддаа болохгүй, бүтэхгүйг нь хэлээгүй юм уу. гэнэт мэдсэн юм шиг аашилж байгааг тань юу гэж ойлгох вэ?

-Би 2017 оноос хойш увс аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн хувьд аймаг, орон нутгийн удирдлагуудад удаа дараа шаардлага хүргүүлсэн. Гэсэн ч хариу өгдөггүй. хүн алдаагаа ухамсарлаж, ажлаа сайжруулах ёстой биз дээ. Гэтэл хэн нь ч хариу өгөөгүй. энэ хүмүүс мөнгө, эрх мэдэлд бялуурсан учраас харалган болжээ. Увс аймгийн хэмжээнд гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс өссөн байна. аймгийн ИХТ-ын төлөөлөгчийн хувиар хүүхдийн хүчирхийллийн эсрэг “гэрэл асаая” цуглааныг олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр зохион байгуулдаг. Хүүхдийн хүчирхийлэлтэй хатуу тэмцэх ёстой ч ард иргэдийн амар тайван байдлыг хангах ёстой цагдаагийн алба хаагчид манай аймагт бага насны хоёр хүүхдийг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарсан. Өнгөрсөн хугацаанд гарсан хүүхдийн эсрэг үйлдсэн 89 гэмт хэргийг дахин шалгахад 12 нь хүүхдийг хүчирхийлсэн болох нь илэрсэн гэсэн. энэ бол том тоо учраас ийм асуудалд анхаармаар байна, манай орон нутгийн удирдлагууд. Үүний цаана ард иргэдийн, хүүхдүүдийн амьдрал байдаг юм шүү.

-Хэдийгээр та иргэдээс сонгогдсон ч намаар дамжиж төрийн өндөр албан тушаал хашиж байсан. Намынхаа эсрэг дуугарч байгаа тань хэр зохистой үйлдэл вэ. Сонгууль дөхсөн үед эсрэг намынханд өгөөш болох юм биш үү?

-Тийм асуудал бий. Гэхдээ шударга бус зүйлийн хажуугаар дуугүй өнгөрч болохгүй. болохгүй, бүтэхгүй зүйлийг хэлж, засаж залруулах нь миний иргэний болоод ИТХ-ын төлөөлөгчийн үүрэг. Жишээ нь, би увс аймгийн МХЕГ-ын даргаар ажиллаж байхдаа хууль бус алт олборлож байсан техникжсэн нинжа нартай тэмцэж, нутаг орноо сэндийчүүлэхээс хамгаалж, тэр нь ч үр дүнгээ өгсөн. энэ ч утгаараа нутгийн иргэд манай намд саналаа өгч, ялалтад нэмэр оруулж байсан. Даанч манай намынхан ялсныхаа дараа зангаа хувиргаж, нутаг орныхоо төлөө бус өөрсдийнхөө хэтэвчийг зузаатгах гэж улайран зүтгэх болсон. ганц манай аймагт биш улсын хэмжээнд ман муу ажиллаж байгаа. Илт давамгай ялалт байгуулчихаад байгуулсан засгийн газраа огцруулж, талцал хэрээс хэтэрсэн. бидний итгэл үнэмшлээрээ нэгдэж байсан намын удирдлагууд хоёр талцаж байгаа нь хувийн эрх ашгаас үүдэлтэй. Тэр нь алхам тутамд илэрч, ард иргэдийн дунд намын нэр хүнд унах болсон.

– Аймаг орон нутгийн удирдлагуудаас гадна танай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниуд өндөр дүнтэй тендер авч, чанаргүй ажил хийсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарс ан. Та орон ну тгийн мэдээлэлд ойр байгаа хүн. Энэ мэдээллийн мөрөөр алдаагаа засаж залруулсан болов уу?

-2012-2016 онд аймгийн засаг даргаар ажиллаж байсан, манай аймгийн итх-ын төлөөлөгч Д.Цэндсүрэн энэ талаар хөндсөн. Үүнтэй холбоотойгоор би асуудлыг судалж, ямар компаниуд тендерт шалгарсан талаар нэр бүрчлэн үзлээ. Гарцаагүй үнэн байна. Увс аймагт барилгын 60 гаруй компани бий. Энэ жилийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байгаа компаниудын 60 орчим хувь нь улаанбаатар хотынх байна. Яагаад орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээ дэмжиж болдоггүй юм бэ. Үүний цаана нутгийн иргэдийн амьдрал байгаа. Энэ бүхэн увсчуудын дургүйцлыг төрүүлж байна. Аймгийн ИХТ-ын X хуралдааны үеэр маш олон хүн над руу утсаар ярьж, энэ тухай хэлж байсан. Увс аймагт өөр газраас ирж бүтээн байгуулалт хийж буй компаниуд ажлаа хийсэн ч орон нутагт татвар төвлөрүүлдэггүйн дээр чанаргүй хийх явдал түгээмэл гарах болсон.

-Одоо тэгэхээр яах ёстой юм бэ?

– Аймгийн ИХТ- ын X хуралдаанаас харахад, орон нутгийн 2019 оны төсвийн гүйцэтгэл, 2020 оны төсвийг ярьсан. ирэх оны төсвийг бэлэн боогоод ирчихсэн, түүнийг задлах ямар ч боломжгүй байсан. Энэ онд манай аймагт 13 дэд хөтөлбөр хэрэгжсэн. Хөтөлбөр бүрээс төсвийн хууль зөрчөөд зориулалтын бусаар зарцуулсан байх жишээтэй. жишээлбэл, хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжиж байгаа дэд хөтөлбөрөөс зургаан сая төгрөг аваад малчдын чуулган хийсэн байна лээ. энэ бол төсвийн мөнгийг хууль бусаар захиран зарцуулсны жишээ. Уг зургаан сая төгрөгийг хүүхэд хамгааллын чиглэлддээ зарцуулсан бол өнөөдөр хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг буурах байсан. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг өмгөөлөх гэхээр өмгөөлөгч олдохгүй байна. Өндөр төлбөр төлөх учраас амьдралын боломж бололцоо нь хүрэхгүй байгаа хүүхдүүдэд өмгөөллийн үйлчилгээг үзүүлэхэд дээрх зургаан сая төгрөгөө зарцуулсан бол нэг ч гэсэн хэрэг хүүхдүүдийн талд шийдэгдэнэ. бусад хөтөлбөрөөр мөн тус бүр таван сая төгрөг авч, төрийн нэг цэгийн үйлчилгээг бий болгосон байна лээ. Төрийн үйлчилгээ нэг цэгт байх ёстой. Гэхдээ тухайн үед аймгийн удирдлагууд ИХТ-ын хуралдаанаар оруулж, төсөвт тусгаж батлаад явах боломж бүрэн байсан. Энэ бол тухайн аймаг орон нутгийг удирдаж байгаа хүмүүсийн хариуцлага, ажлын төлөвлөлт муу байгаагийн шинж. Ирэх жилийн төсөвт дахин 13 дэд хөтөлбөрт 700 гаруй сая төгрөг төсөвлөсөн байна лээ. Чухам юунд зарцуулах талаар тодорхой мэдээлэл алга. Аль дэд хөтөлбөрт нь хэдэн төгрөг төсөвлөх гэж байгаа талаар тусгаагүй байсан нь хүндээ хүрч чадахгүй нь ээ. Учиргүй их хурал зөвлөгөөн, семинар, адил хувцсаар ижилсэж хуралддаг байдал манай аймагт зах замбараагаа алдлаа. Үүний үр өгөөжийг төрийн үйлчилгээ хүрч чадахгүй байгаа ард иргэд авч чадахгүй байна. Энэ бүхнийг цэгцлэх ажил хийх ёстой гэдэг үүднээс дуугарсаар байгаа юм. Хүндээ хүрч ажиллаж чадахгүй байгаа учраас ард түмний шударга үнэний дуу хоолой хэрэгтэй байна. Төрийн албаныхаа шалгалтыг шударгаар өгөөд жирийн малчин, ажилчин, сэхээтэн айлын хүүхэд төрийн албанд сэтгэл, зүтгэлтэй ажиллах ёстой. Гэтэл манайд төрийн албаны шалгалт нэрийн дор нам дагасан ах, дүү, хамаатан садны сүлжээ бий болчихжээ.

Эх сурвалж: Үндэсний Шуудан Өдөр тутмын сонин