МАНамаас гарах болсон үндэслэлийг доор дэлгэрэнгүй байдлаар сийрүүлэв.

1.Манай нам 2016 онд сонгуулийн үр дүнгээр олонх болж орон нутгийг удирдаж эхлэхдээ багаараа аймаг орон нутгийн хөгжил цэцэглэлтийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, иргэдээ ажилтай орлоготой болгох эрхэм зорилго тавьсан ч үүндээ хүрч чадсангүй. Аймгийн хэмжээнд өнөөдөр ажилгүйдэл, ядуурал жилээс жилд нэмэгдэж байна. Манай аймгийн удирдлагууд ажил хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүсийг халамжийн бодлого руу хөтөлж, ядуу байлгаж, түүгээр нь дамжуулж сонгуулийн санал авах башир арга хэрэглэх боллоо гэж харж байна. Үүнтэй хэрхэвч эвлэрэхгүй. Төрөлх орон нутагтаа хэний ч аавын хүү, ээжийн охин бүгд сайхан амьдрах тэгш боломжийг бүрдүүлэх ёстой.

2.Аймаг орон нутгийн удирдлагууд, нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд өөрсдийн хамаарал бүхий компаниуддаа өндөр дүнтэй тендер өгч, төрөл төрөгсдөө төрийн албанд томилж байна. Татвар төлөгчдийн мөнгийг 30 гэр бүл улсын хэмжээнд хувааж авч байна гэх яриа гарч байдаг. Тэгвэл Увс аймгийн хэмжээнд төсөв, тендер, төрийн албыг хэдхэн гэр бүл хувааж авах болсноор 3 жил гаруй хугацаа өнгөрч байна. Ард түмэн ажилгүй, ядуу хэвээр байгаа нь үүний тод илрэл юм.

3.Увс аймагт улсын төсвөөс жил бүр хамгийн өндөр дүнтэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийхээр төсөв хуваарилдаг. Сүүлийн жилүүдэд 200 гаруй тэрбум төгрөгийн ажил хийхээр болсон ч ихэнхийг өнөө л аймгийн удирдлагууд, УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд авсан байна. Энэхүү хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд нь төлөвлөлт муутай, чанарын хувьд хангалтгүй, мөнгө угаасан үйл явдал ихээр болж байна гэж үзэж байна. Аймаг орон нутгийн удирдлагуудын зүгээс явуулж буй бодлого, иргэддээ болон Увсчуудад хүртээмж багатай байна. Орон нутгийн удирдлагууд чихгүй, нүдгүй, гаргүй, хөлгүй мэт харалган ажиллаж байна. Иргэдтэйгээ уулзахгүй, бодит амьдрал ямар байгаатай танилцахгүй, албан тасалгааны цонхоор амьдралыг харж, алга ташилт шоу маягаар ажиллаж байгааг иргэн хүний нүдээр харахад үнэхээр сэтгэл эмзэглэж байна. Миний бие сүүлийн 3 жилийн хугацаанд Увсын хөгжлийн төлөө хамтдаа “Иргэдээ сонсъё” цуглааныг, мөн хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Гэрэл асаая” цуглааныг зохион байгуулж ирсэн. Үүнээс гадна зах, худалдааны төв, гудамжаар явж иргэдтэй уулзахад МАН-д өндөр итгэл хүлээлгэж, хүлээлттэй байсан ч ахиц дэвшил гарсангүй, харин ч хүний эрх зөрчигдөж, төрийн албанд ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын дарамт нэмэгдсэн, цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн хооронд ажиллаж амьдарч буй төрийн албан хаагчдаас компаничилж мөнгө татах байдал хэр хэмжээнээс хэтэрлээ. Баялаг бүтээгч хувийн хэвшлийнхэнд төрийн хүнд суртал, төрөөс ирж буй татварын дарамт зөрчлийн хууль нэрээр ард иргэдэд нэмэгдсэн зэргийг иргэд хэлж байна.

4.Энэ бүх шударга бус зүйлтэй эвлэрэхгүй байгаа учраас намаас гарах хүсэлтээ илэрхийлж байна. Би жирийн ажилчин ангийн хүүхэд. Аав, ээж маань хөдөлмөрлөж олсон хоол амттай гэж сургасан учраас тэр замаар замнаж, нэг ч гэсэн хүнд туслах юмсан хэмээж шударгаар ажиллаж ирсэн. Энэ шударга зан, зарчим маань ард түмнийхээ үгийг сонсож дэм дэмэндээ явахад хөтөлж байна. Иймд намын бугшсан, ялзарсан, төсөл, тендер хувааж авдаг, албан тушаал наймаалдаг улс орны, ард түмний бус амин хувийн эрх ашгийг илүү үздэг байдалтай эвлэрч дүлий дүмбэ оргиж сууж чадахгүй гэдгээ үүгээр уламжилж байна.

5.Энэ бүх хугацаанд хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэж байсан Увс аймгийн МАН-ын анхан, дунд шатны гишүүд дэмжигчид, ахмадууд, эмэгтэйчүүд, залуучууд та бүхэндээ талархаж байна. Миний намаас гарч буй нь дээрх шалтгаануудтай холбоотой бөгөөд одоогийн Увс аймгийн МАН-ын удирдлагуудтай хамтарч ажиллах боломжгүй байгаа учир ийм шийдвэр гаргаж байна.

МАН -д 20 гаруй жил хоёргүй сэтгэлээр зүтгэж ѳнѳѳдрийн ялалтыг авч ирэхэд хувь нэмрээ оруулж ажиллаж ирсэн. МАН -аас гарах хүсэлт, намын батлахаа намын анхан шатны 10-үүрт хүлээлгэн ѳглѳѳ .Одоогийн Увс аймгийн МАН -ын удирдлагуудтай 2020-оны сонгуульд хамтран ажиллах боломжгүй тул энэхүү шийдвэрийг гаргалаа.Энэ бүх цаг хугацаанд хамтран ажиллаж байсан намын анхан,дунд шатны гишүүд дэмжигчид ,намын ахмадууд ,залуучууд,эмэгтэйчүүд оюутны байгууллагууддаа талархлаа.