Бидний аав Түүвэйн Цэвээн

ЗИЛ130 машины хаазлан хүүгчих дууг хамгийн сайхан гэж боддог байв. Жолооч хүний, тэр дундаа гавьяат тээвэрчин аавтай хүний хувьд ганган цэнхэр гучийг харахаар өөрийн эрхгүй эргэж харна, боломж байвал очоод шохоорхож харах зуураа тойроод алхчихна. Жоохон байхдаа заавал дугуй руу өшиглөж аавыгаа дуурайдаг байсан бол одоо бол зүгээр л сайхан очиж хардаг, хааяа нэг таарвал сэтгэл сэргээд сайхан болчихдог нь холын тээвэрт явдаг жолооч аавтай хүүхэд бүрийн араншин байх гэж боддог юм. Тиймс ч учраас ЗИЛ130 машиныг харах бүрдээ аавын маань дурсамж надад орж ирдэг учир “Тулганд бадамлах гал мэт таныхаа халуун сэтгэлийг бид хэзээ ч унтраахгүй ээ, аав аа” хэмээн сэтгэлдээ үргэлж хэлдэг юм.
Харин энэ үгийг ганцхан удаа хүмүүст хандаж хэлэх боломж тохиосон маань “Монголын сайхан аавууд 2010” цувралд бидний аавын тухай дурсамж орох боллоо гээд аавынхаа тухай дурсамж бичиж оруулж болно гэхэд нь хэдийгээр мэргэжлийн сэтгүүлч биш ч багагүй ном унших дуртайдаа дулдуйдан цөөхөн мөр холбож дурсамж бичиж өгөхдөө “Тулганд бадамлах гал мэт таныха халуун сэтгэлийг бид хэзээ ч унтраахгүй ээ, аав аа” хэмээн гарчигласан хэрэг.

Миний аав Түүвэйгийн Цэвээн 1940 онд Увс аймгийн Тэс сумын нутаг Их гол хашаатын арал гэдэг газар төрсөн хүн. Тухайн үеийн монголын малчин айлын хүүхдүүдээс ялгаагүй малын захад өссөн болохоор хөлд орохоосоо хурга, ишигний захад унаж босон алхсаар овоо том болохоороо хонинд явж, өсвөр насандаа үхэр, адуу эргүүлж, эмнэг хангал сургаж, зүгшрүүлж явсан нэгэн. Ингээд 1971 онд жолооч мэргэжилтэй болсон байдаг юм. 1971-1973 онд Мал эмнэлгийн жолоочоор, 1974 оноос Увс аймгийн мал эмнэлгийн жолоочоор ажиллаж байсан аавыг тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүс, “цаг ямагт эмх цэгцтэй байж чаддаг, ухаантай, сийрэг бодолтой мундаг хүн” байсан гэж тодорхойлдог юм шүү дээ. Манай аав насаааа жолоо мушгиж, баазад ажиллаж байсан болохоороо тэрүү цагийн яс барина. Энэ утгаараа маш амархан хугацаанд олон найз нөхөртэй болж, хамт олныхоо итгэлийг авсан сайхан хүн байсан даа.

1981-1985 оны Тэжээлийн тээврийн Улсын аваргаар таван удаа, 1986-1987 онд Хөдөлмөр зохион байгуулалт, урамшууллын Улсын хошой аварга бригадын дарга, аймгийн зургаан удаагийн аварга, баазын гурван удаагийн аварга, Саятан болсон аав маань 1986-1990 онд АИХ-ын депутатаар сонгогдож, 1991 онд Монгол Улсын гавьяат тээвэрчин цолоор шагнагдсан байдаг. Ийм л сайхан аав маань эх орныхоо дөрвөн зүг найман зовхист хол гэж алжаахгүй жилийн дөрвөн улиралд жолоо мушгиж давхисаар хүүхдүүд биднийгээ хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзганд хүргэж өгөөд хүний амьдралын жамаар бурханы орон руу явсан даа.
Миний хувьд аавынхаа талын тав дахь үеийн хүн. Аймгийн зургаан удаагийн аварга, Улсын таван удаагийн аварга, баазын дөрвөн удаагийн аварга, 1991 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат тээвэрчин цолоор шагнагдсан, 1986 онд Ардын их хурлын депутатаар Увс аймгаас сонгогдон ажиллаж байсан аавын маань эцэг буюу миний өвөөг Хундаянгийн Түүвэй гэдэг байж. Нутагтаа хүндлэгдсэн малчин өвөөгиийнх маань Увс аймгийн Тэс сумын 2-р багийн нутаг Их голын хашаат арал гэдэг газар нутагладаг байж, яг энэ газар аав маань төрсөн байдаг юм. Харин бидний өвөг эцэг Түүвэйгийн эцэг буюу миний өндөр эцэг маань Хундаян гэж нутагтаа нэртэй малч, аж ахуйч бие томтой бөх хүн байсан бөгөөд Хундаянгийн эцгийг Хошой тайж гэдэг байжээ. Ийм удмын үргэлжлэл миний хувьд эцгээсээ тасалсан голомтоо, эх орноо өөрийнхээ хэмжээнд хөгжүүлэн хамгаалахаар их холын зорилго өвөртөлж яваа билээ.