Эрүүл мэндийн “ЭНХИЙГ САХИУЛАГЧ” гэр бүл

Увсын Онош эмнэлгийг Увсынхан бүү хэл баруун таван аймаг, Улаанбаатарт андахгүй. Нүдний болор солих, хялар засах хагалгааг эрүүл мэндийн даатгалаар болон хамгийн хямд төлбөртэйгээр мэс заслын аргаар эмчилдэг тус эмнэлгийн үүсгэн байгуулагч, эмчилгээний төвийн дарга нь Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, аймгийн Засаг даргын орлогч асан Цэвээний Батболд юм. Увсад нүдний болор солих мэс заслын эмчилгээ хийдэг ганц том эмнэлэг тэднийх. Хувийн эмнэлэг гэхээр өндөр үнэтэй, хүмүүст хязгаарлагдмал харилцаа үүсгэж үйлчилгээ үзүүлдэг бол тэдний гэр бүлийн Онош эмнэлэгт хамгийн хямдаар хамгийн чанартай үйлчилгээг үзүүлдэгээрээ нутагтаа төдийгүй баруун таван аймагтаа алдаршсан. Эрүүл мэндийн даатгалаараа яг л төрийн өмчит эмнэлэгт хэвтэж байгаа мэт бүхий л эмчилгээг хувийн эмнэлэгт авч болдогийг анх сонссон хэн боловч гайхна. Хөх манхан тэнгэрийн заагт хөхрөн намалзах Увсын цэнхэр хязгаарт оршдог энэ сайхан үйлсийн эзэд нь нэгэн гэрийн хоёр байсан нь гайхалтай байлаа.
Цэвэрхэн цагаан царайндаа үргэлж инээмсэглэл тодруулж явдаг С.Пүрэвсүрэн эмчийг “манай Пүүжээ”, “Пүүжээ эмч”, “нүдний Пүүжээ” гэдгээр нь хүмүүс андахгүй. Харин зорин барин ирсэн хэний ч болов зөөлөн инээмсэглэлээрээ угтаж авч, аль хэдийнээ таних хамаатантай ярьж байгаа мэд элэгсэгээр хандах Пүүжээгийн маань нөхөр нь Ц.Батболд юм. Баруун таван аймгийн хэн боловч хамгийн түрүүнд Онош эмнэлгийг бараадах. Тэдгээр хүмүүсийн гол тусламж нь нүдний өвчин, нүдний өвчлөл, болор солиулах, хялар засуулах зэргээр өргөн хүрээг хамрах нь бий.
Онош эмнэлгийн ерөнхий эмч С.Пүрэвсүрэнг Увсын ард түмэн төдийгүй, баруун таван аймаг, хил залгаа хөрш улсынхан ч андахгүй мэдэх юм. Учир нь эмчлүүлэгчиддээ Пүүжээ эмч хэмээн алдаршсан энэ даруухан бүсгүй маань бусдад хараа бэлэглэгч алтан гартан юм. Андтай маань нас жил чацуу, ажлынхаа хажуугаар гэр орноо өргөж явдаг үнэхээр ажилсаг, хэт даруухан Пүүжээ маань дөрвөн сайхан үрийг нь төрүүлж, өсгөж өгсөн, сайхан бүсгүй байдаг.
Увс аймгийн Улаангом сумын гуравдугаар сургуулийг төгсөж, Анагаахын ухааны их сургуулийг хүний их эмчээр төгссөн цагаасаа эрдэнэт хүний эрүүл мэндийн төлөө цуцахгүй хөдөлмөрлөж яваа найзууд маань 2013 оноос Онош гэдэг оношлогоо эмчилгээний төвөө нөхөр Батболдын хамтаар байгуулан хамгийн хямдаар хамгийн чанартай эмчилгээг нутгийнхандаа төдийгүй баруун таван аймгийн иргэдэд үзүүлж буй жинхэнэ халуун сэтгэлтэй хүмүүс аж.
Энэ сайхан үйлсийг нь өвлөж буй хүн бол ууган охин Хулан нь юм. 2020 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг эмч мэргэжлээр төгсөн Онош эмнэлэгт ажиллаж эхэлсэн. Ийм л гэр бүлийн тооно болсон энэхүү эрхэм Цэвээний Батболд нь Увсын цэнхэр хязгаартаа шударга ёсны гэрлийг асааж, нутгийн иргэдээ нуугитал сайхан амьдрах чин сэтгэлийн чигч шулуун амьдралыг цогцлоохоор Улсын их хурал хэмээн өндөр босготой өргөсөн хуультай газар төрсөн нутгаасаа сонгогдон хууль батлалцаж, хулгайчдыг даралцахаар сэтгэл шулуудсан гэж ярьж байлаа.
Төрийн мөнгөөр тэрбумтан болсон томчуудын эсрэг, үнэний төлөө боссон Цэвээний Батболд нь нутагтаа бүү хэл Монголд зартай тэрбумтангуудтай үзэлцэж явна. Ийм л зоригтой цөстэй байхгүй бол Увс нутгийн ард түмэн маань хэдий болтол хохирч явах билээ дээ гэсээр биднийг үдэж өгсөн. Цөс ихтэй баруун нутгийн хүү Цэвээний Батболд нь өөрөө тайж язгууртай хүн аж. Тиймээс миний мэдэх таван үеэрээ төр улсынхаа төлөө зүтгэж өдий хүрсэн болохоор энэ цаг үед би улсынхаа хөгжилд өөрийнхөө гараар шударга ёсны цучлыг нэмэх гэж хичээж байна.
Миний ард шударга ёсны нарны гэрэл асаасан Хархираа уул, нутгийн маань ард түмэн байгаа учир би айх юм алга гэсээр инээмсэглэн үлдсэн Цэвээний Батболд бол хийх гэснээ хийдэг, хиймээргүй зүйлээ орхичихдог мундаг занд ажгуу.