Үнэний цагаан дээсийг алдахгүй атгаарай нутгийнхан минь

Цэвээний Батболд намайг мэдэх хүн нь мэдэх байх, мэдэхгүй хүмүүс ч цөөнгүй байгаа. Монгол улсын иргэний хувьд хаана ч явсан үнэний чиг, шугамаа алдахгүй атгахыг хичээж, нутгийн нэр барьсан том, том тэрбумтангуудын эсрэг улаан гараараа сөрж, Их хурал хэмээн өндөр босго руу зориглон алхаж байна. Учир нь сайхан нутгийн минь нэр барьж дээшээ авирагчид улам л хударгагүй болж, шударга ёсны гэрэл гэгээг бөхөөж байгаад би дуугүй сууж чадахгүй, ард иргэдтэйгээ санал нэгдэн давчдан тэмцлээ. Нутагт маань шударга бус байдал хэрээс хэтэрсэн учир миний бие энэ асуудлыг 2017, 2018, 2019 онд өнжихгүй тэмцэж, хэр чадлаараа гаргаж тавьж ажиллаа.

Миний бие шударга ёсыг нутагтаа эрж хайхын учир  нь олон жилийг хувийн хэвшилд ажиллаж өнгөрүүлж байгаагийн хувьд ямар нэгэн хэлбэрээр өөрийн болон хувийнхаа хамаарал бүхий хүмүүсээр тендер авахуулаад тэндээс хувь хүртэх асуудал байж болохгүйг гаргаж тавьсан юм. Аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа өөрийн хамаарал бүхий хувийн хэвшлээ албан ёсоор хүлээлгэн өгч, ашиг сонирхлын зөрчил гаргахаас үргэлж сэрэмжилсэн.

Учир нь ямар ч хүн хаана ажиллахаа сонгох ёстой нийгмийг бид бүрдүүлсэн. Тиймээс зарчмаа чанд сахих нь хамгийн чухал. Ард түмний сонголт дэмжлэгээр  гарчихсан аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчид, улс төрийн албан тушаалд сонгогдсон дарга нар хувийнхаа эрх ашгийн төлөө өөрийн болон хамаатан садангийнхаа амьжиргааг дээшлүүлэх хэмжээнд ажиллаж болохгүй юм. Энэ асуудлыг гаргаж тавьсанаараа би гэр бүлийн орчингоо хүнд байдалд оруулж, “хүйс тэмтэрнэ” гэсэн хатуу үгийг сонсож байсан ч буцаж няцаагүй. Тэмцэл маань үргэлжилсээр шударга ард иргэдийнхээ дэмжлэгээр би дахин гарч ирсэн.

Харамсалтай нь дайралт зогсоогүй, магадгүй ийм шударга бус нөхөд удирдлагын шатанд байсаар байгаа учир цаашдаа ч үргэлжлэх байх.  Хамгийн гол нь энэ бүхэнд би няцаж, эргэж хургахгүйгээр нэгэнт иргэний шударга нийгмийн төлөө тэмцэлээ эхлүүлсэн учир зогсох боломжгүй болсон. Тиймээс нутгийн ард түмэн та бүхэн хариуцлагатай нийгмийн төлөө,  шударга амьдралын төлөө, төрсөн нутагтаа сайхан амьдрахын төлөө, албан тушаалын сүлжээ үүсгэж, авлигад идэгдсэн засаглалтай байхгүйн төлөө тэнцвэртэй зөв сонголтыг хийгээрэй хэмээн уриалж байгааг минь хүлээн авна уу. Сайхан бүхний эхлэл иргэд бидний сонгуульд хэрхэн оролцож, хэрхэн санал өгөхөөс эхэлдэг. Тиймээс хариуцлагатай хандаж, сонгуульдаа идэвхитэй оролцоорой. Та бүхний санал нийгмийг эрүүлжүүлэхэд нэмэр болно гэдэгт би итгэж байна.

Тайж овогт Цэвээний Батболд